ЯПОН МЭРГЭЖИЛТНҮҮД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ УДИРДЛАА
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GMO интернэт групп хамтран 2024 оны 2 дугаар сарын 29-нд “Кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг дадлагажуулах” сургалтыг зохион байгуулж байгаа юм. Япон улсын Элчин сайдын яамны дэд дарга Шигэрү Кикүма, Монгол дахь “Жайка”-гийн Төлөөлөгчийн газрын дарга Акахиро Танака, GMO cyber security IERAE -ийн захирал Дайзо Окоши нар сургалтын нээлтэд оролцож үг хэллээ.
Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Монголын цахилгаан холбоо, И-Монгол академи, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи зэрэг байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн, багш ажилтнуудаас бүрдсэн 50 гаруй хүн сургалтад хамрагдлаа.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, Монголд 7 хоногт дунджаар 8652 IP хаягт 76700 зөрчил илэрч бүртгэгдэг байна. Үүний 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4,4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2,1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж байгаа ажээ. Мөн “Кибер аюулгүй байдлыг хангахад хүн, процесс, технологи гурвын харилцан хамаарал нэн чухал. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хууль эрх зүйн орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалт, технологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэж байгаа ч хүний нөөцийг бэлтгэх нэн чухал сорилттой тулгарч байна” гэж онцолсон юм.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам 2023 онд Япон улсын JICA байгууллагатай хамтран 6 удаагийн сургалт явуулж, 300-аад албан хаагч хамрагдсан байна. Жайка байгууллагатай хамтарсан цуврал сургалт нь ЦХХЯ, КАБЗ-ийн Ажлын алба хамтран кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх олон чиглэлийн ажлын нэг хэсэг юм.
Энэ удаагийн сургалтыг GMO интернэт группийн кибер аюулгүй байдлын IERAE-ийн SOC Инновацын хэлтсийн Япон мэргэжилтэн Кумасака Шүнго удирдаж, кибер аюулгүй байдлын эрсдэл, веб системийн үндсэн тохиргоо, тохируулгын алдаатай холбоотой болон эмзэг байдлын эсрэг халдлагын ойлголт сэдвээр онол, дадлага хосолсон сургалт явуулсан байна.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба