Skip to main content

Долоо хоногт 60-90 мянган цахим халдлага бүртгэгдэж байна

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон 21 аймаг дахь хэлтсийн дарга нар Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын захирал С.Жавхлан “Тус төв нь Засгийн газрын 2023 оны 319 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэд байгуулагдсан. Кибер орчинд иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой” хэмээн онцоллоо. 


Манай улсад долоо хоногт 60-90 мянган цахим халдлага бүртгэгддэг байна. Ийм нөхцөлд халдлагаас хэрхэн сэргийлэх, халдлагад өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн дарга нарт практикал сургалт зохион байгууллаа. Тодруулбал, кибер халдлагаас сэргийлэх арга, фишинг халдлагыг таних, хариу арга хэмжээ авах зэрэг асуудлыг хөндлөө. Дээрх халдлагууд томоохон компани, төрийн байгууллагын нэрийг барьж, кодыг дуурайлган хийж, иргэд рүү довтолдог байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийн анхаарлыг татаж, нэвтрэх боломжийг эрэлхийлдэг аж. Хакерууд цахим халдлага үйлдэхдээ ихэвчлэн сервер бус хэрэглэгч рүү ханддаг байна. Аливаа халдлагаас техник технологийн тусламжтайгаар найман хувь сэргийлэх боломжтой бол иргэн та өөрийгөө 92 хувь хамгаалах боломжтой. Тиймээс иргэд аливаа мэдээлэлд сонор сэрэмжтэй байж, нягталж, тухайн линк рүү дарах эсэхээ шийдвэрлэхийг зөвлөлөө. Хэрэв халдлагад өртсөн тохиолдолд 70001113 дугаарт хандан, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын техникийн мэргэжилтнүүдтэй холбогдох боломжтой аж. 


Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 онд 12 дугаар сард батлагдсан. Энэ хуулийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг аж.
 

The Cyber Security Council receives information about information security incidents, phishing attempts, malware and vulnerabilities.

Report Cyber issue