Skip to main content

КХЗТНТ, СЗХ, МФХ, Финтекийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хамтран уриалга гаргалаа

КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ,
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, МОНГОЛЫН ФИНТЕКИЙН ХОЛБОО, ФИНТЕКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН УРИАЛГА ГАРГАЛАА
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбоо хамтран “Финсек” форумыг өнөөдөр /2024.03.06/ зохион байгуулж байна. Тус форумд Финтекийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй байгууллагын удирдлага болон мэдээлийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд оролцож байна.
Форумд Санхүүгийн зохицуулах хорооны Хянан шалгах зохицуулах газрын Ахлах зөвлөх А.Баянмөнх “Финтек зээлийн зохицуулалт”, Цахим аюулгүй байдлын мэдээллийн удирдлагын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Др. М.Отгонпүрэв “Монголын финтек салбарын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Монголын финтекийн холбооны Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөл болон Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвийн удирдлагууд “Финтек салбарын кибер аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”-ны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумын үр дүнд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн үйлчилгээ эрхлэгч 50 гаруй байгууллагууд “Кибер аюулгүй байдлын зөрчил зохицуулахтай холбоотой мэдээлэл солилцох протокол”-д нэгдэж “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАМТРАН ХАМГААЛНА” хамтарсан уриалга гаргалаа.
УРИАЛГАД:
• Финтек компаниуд болон хэрэглэгчдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд төр, хуулийн этгээд хурдан шуурхай мэдээлэл солилцож, таслан зогсоох арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлнэ.
• Финтек компаниуд өөрийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарч, дэмжлэг үзүүлнэ.
• Иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж, цахим орчин дах аюулгүй байдлаа хангах чадамжтай болоход дэмжлэг үзүүлнэ.
• Иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр авч буй нэгдсэн арга хэмжээг дэмжиж ажиллана.
Финтекийн экосистемд тулгарч буй кибер аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд төр, иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагуудын шуурхай, нягт хамтын ажиллагаа чухал байгааг тус форумаар онцолсон юм.
Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue