Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ITACTIC сургалтад оролцлоо
Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын Алба, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, “Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ-тай хамтран Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх ITACTIC команд штабын сургалт 1-р сарын 12-14-нд болж, 6 багийн 63 албан хаагч оролцсон байна. Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, төр, олон нийтийн 6 байгууллагын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд “Тавантолгой” цэргийн сургалтын төвд ур чадвараа сорьж, арга туршлагаа солилцлоо.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх, тухайлбал, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн систем нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх төвүүд 2023 оноос ажиллаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс төр, иргэн, хуулийн этгэд кибер халдлагад өртвөл хандах, хамгаалуулах мэргэжлийн газартай болж, аюулгүй байдлын тогтолцоо бүрдэж үйл ажиллагаа жигдрээд байна.
Цахим шилжилт хором мөчөөр хурдсаж, интернэт ертөнцөд аж төрж буй эрин үед кибер аюулгүй байдлын улс үндэстэн бүр өөрийн аюулгүй байдлаа тогтолцоо бүтээн хамгаалах, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага нэн чухал юм.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба нь нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах мэдээлэл солилцох чиг үүрэгтэй ажилладаг ба хүний нөөц бэлтгэх болон мэдлэг олгох тус бүр 5, төрийн мэдээллийн систем, Онц чухал дэд бүтэц хамгаалах сэдэвт семинар хоёр удаа зохион байгуулжээ.
ITACTIC сургалтыг улирал бүр зохион байгуулна.