Cyber Drill-2025: Монголын баг хугацаанаасаа өмнө даалгавраа гүйцэтгэж, бүс нутгийн кибер сургуулилтад амжилт гаргав
“Ази, Номхон далайн Кибер аюулгүй байдлын бүс нутгийн сургуулилт-2025” Монгол Улсад есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдлаа.
Тус сургуулилтад 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож, бүс нутгийн кибер аюулгүй байдал, хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэн, кейс дээр суурилсан сургуулилт хийсэн нь онцлог байв.
Сургуулилтад Монголын Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн баг өгөгдсөн хугацаанаас өмнө даалгавраа гүйцэтгэж, өндөр ур чадвар, шуурхай хариу үйлдлээ харууллаа.

Монголын багийн гаргасан энэхүү амжилт нь манай улсын кибер хамгаалалтын чадавх нэмэгдэж буйг олон улсад бодитоор харуулсан томоохон жишээ боллоо.
Олон улсын Цахилгаан холбооны байгууллага нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Америкийн бүс, Африкийн бүс, Арабын бүс, Ази, Номхон далайн бүс, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бүс нутаг гэсэн таван бүсийн хэмжээнд 120 орчим улсыг хамруулсан 34 удаагийн кибер сургуулилтыг зохион байгуулжээ.