Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Тусгаар тогтнол хэмээх ойлголт зөвхөн дархан хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорчээ. Дэлхийн улс орнууд техник технологийн дэвшлийг дагаад кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилттой нүүр тулав. Энэхүү сорилтын шийдлийг хэлэлцэхээр “Кибер тусгаар тогтнол” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Орчин цагт кибер аюулгүй байдал, дижитал хөгжил нь нэг зоосны хоёр тал. Өнөөдөр кибер аюулгүй байдлыг хангахад техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна. Тиймээс Оксфорд, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран мэргэжлийн хүмүүсийг бэлдэж эхэлсэн. Кибер аюулгүй байдлын түвшнээр Монгол Улс хууль эрхзүйн орчноо тодорхой болгосон. Хамгийн сүүлд эрсдэлийн үнэлгээ хийлгэх журмаа ч баталсан. Энэ мэтээр төсөв, улс төр, хууль эрхзүйн шийдлийг гаргасан. Одоо эрсдэлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага, кибер аюулгүй байдлын аудит хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвшүүлэх, онц дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудал бий. 2022 онд гаргасан Засгийн газрын 207 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад явж байна. Төсөвт мэдээллийн технологийн зардлыг 2026 оноос ерөнхий бус задалж оруулахаар болсон. Ингээд ирэхээр Кибер аюулгүй байдалд хандах соёл төлөвшинө. Эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээ бэлдэх, халдлагад өртсөн байгууллагыг оношилж, харилцан мэдээлэл солилцох соёл бий болно. Хиймэл оюунд суурилсан халдлага эрчимжихийн хэрээр хиймэл оюунд суурилсан хамгаалалтын програм хөгжиж байна” хэмээн ярилаа.
2014 онд дэлхийн нийт хүн амын 37,4 хувь интернэт хэрэглэгч байсан бол 2024 онд 10 сард 66,2 хувьд хүрчээ. (5.35 тэрбум хүн) интернэт хэрэглэгч болжээ. Үүнээс 63,8 хувь нь сошиал медиа хэрэглэгч байна. Гэвч технологийн хувьслыг дагаад хиймэл оюун дээр суурилсан кибер халдлага 2028 он гэхэд 64.4 тэрбум $ хохирол дэлхийн эдийн засагт учруулах аж. 2023 оны судалгаагаар дэлхий дахинд 3,4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай байна. Үүнээс 2,7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад байна.